Ронда Бёрны “Нууц” баримтат киног та үзсэн бол Жон Ассарафын хэрхэн хүслийн самбарыг ашиглаж амжилтанд хүрсэн тухай гардгийг санаж байгаа байх. Та ч бас түүний адилаар амьдралаа “Татах хүчний хууль”-ийн тусламжтайгаар өөрчилж болох юм. Хүслийн самбараа хийгээд сайхан бүхнийг өөрсөддөө татацгаая.
Хүслийн самбар гэж юу вэ?Хүслийн самбар гэдэг бол таны амьдралдаа авахыг, эсвэл хийхийг хүссэн зүйлсийг илэрхийлсэн зургийн цуглуулга бүхий самбар юм. Та хүслийн самбарыг сэтгүүл сонины хайчилбар зурагнуудыг нааж хийгээд, өрөөнийхөө хаалган дээр өлгөж болно. Эсвэл интернетээс олсон зурагнуудаараа компьютер дээр хийгээд дэлгэцэн дээрээ ч тавьж болох юм. Хамгийн гол нь та тэр самбарыг харах болгондоо өөрийнхөө мөрөөдлийг санаж, эерэг энергийг аван түүгээрээ цэнэглэгдэж байх ёстой юм. Ялангуяа та Ронда Бёрн-ы “Нууц” киног үзэж, “Татах хүчний хууль”-ийг амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн бол “Хүслийн самбар”-тай болохыг зөвлөж байна. Учир нь энэ нь бодол санаагаа өөрийн хүсч буй зүйлд төвлөрүүлж, амьдралдаа тэдгээрийг татахад тусалдаг юм.
Хүслийн самбарыг хэрхэн хийж, ашиглах вэ?Хүслийн самбар ямар байх ёстой вэ? Үүнийг зөвхөн та л шийднэ. Учир нь таны хүслийн самбарын хэмжээ, хэлбэр хийц нь зөвхөн таны бүтээлч сэтгэхүй, хүсэл тэмүүллээр хязгаарлагдаж тодорхойлогдох юм. Түүнийг хараад таны зүрх сэтгэлд гэрэл гийж, болохгүй бүтэхгүй зүйлд биш харин зөвхөн өөрийн мөрөөдөл зорилгодоо л анхаарлаа төвлөрүүлэхүйц байвал болох нь тэр.
Алхам 1: Эхлээд самбараа бэлдэх хэрэгтэй. Танд зориулалтын самбар байхгүй бол юугаар ч орлуулсан болно. Хүсвэл хатуу цагаан кардоныг ч ашигласан болох юм.
Алхам 2: Сэтгүүл, сониноос таалагдсан, эсвэл таны хүслийг илэрхийлэх зурагнуудыг хайчилж авагтун. Гэхдээ наахаа түр азнаарай. Жишээ нь та их мөнгөтэй болохыг хүсч байгаа бол өрөөтэй зуутын долларын зургийг хайчилж болно. Сайхан хань, хүүхэдтэй болохыг хүсч байвал аз жаргалтай харагдах гэр бүлийн зургийг авч болох юм. Энэ мэтчилэн авахыг хүссэн машин, хувцас, очихыг хүссэн газар, уулзахыг хүссэн шүтэн биширдэг хүнийхээ зургийг авч наагаарай. Бүр учрахыг хүсч байгаа хүнээ Бред Питтэй төстэй царайтай байгаасай гэж хүсдэг бол түүний зургийг ч гэсэн хайчлаад наачих. Үнэхээр тус болно гээч.
Жич: Та хүслийн самбараа дүүргэхийн тулд нилээд олон сэтгүүлээс эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хэрэв танд ингэх боломж хомс бол интернетээс татсан зурагнуудаа өнгөтөөр хэвлүүлээд наах юм уу, компьютер дээрээ эвлүүлж байршуулаад дэлгэцэн дээрээ тавьж болох юм. Хамгийн гол нь бүх зураг таны зүрхэнд, бодол сэтгэлд цуурай, нөлөөлөл үзүүлэхүйц байх хэрэгтэй гэдгийг санаарай.
Эдгээр асуултыг өөрөөсөө асуух нь танд зургаа сонгоход тус болно:Миний ирээдүйд одооныхоос юу өөрчлөгдсөн байх вэ? Би хаашаа аялах вэ?Би хаана, ямар сууцад амьдрах вэ?Би юу өмсөх вэ?Би юутай болсон байх вэ?Би ямар машин унах вэ?Би ажилдаа ямар амжилт гаргасан байх вэ?Би ямар ажил хийх вэ?
Алхам 3: Одоо хайчилсан зурагнуудаа самбар дээрээ наана. Заавал гоё сайхан, уран байх албагүй юм. Учир нь тэр бидний зорилго биш. Харин бага зэрэг бүтээлчээр хандаж, өөртөө таалагдах хэмжээний ойлгомжтой, эмх цэгцтэй, цэвэрхэн самбар хийхэд л болно. Зурагнуудаа танд сайхан төсөөллийг бий болгох дарааллаар байрлуул. Та хүсвэл самбарынхаа аль нэг буланд өөртөө урам зориг өгөх үгийг бичсэн ч болно. Жишээ нь “Би бол 2011 оны шилдэг ажилтан”, “Миний бүтээл энэ оны бестселлэрээр шалгарсан”, “Би сайхан гэр бүлтэй” зэрэг та өөрийн хүрэхийг хүссэн өндөрлөг, орон зайгаа яг хүрсэн мэтээр бичвэл илүү үр дүнтэй.
Алхам 4: Самбараа байрлуулах л үлдлээ. Таны хамгийн их анхаарлаа хандуулдаг, эсвэл нүдэнд тусдаг байрлалд өлгөөрэй. Хүслийн самбараа орныхоо дээдэх таазан дээрээ тогтоосон хүмүүс ч бий. Бүр ажлынхаа өрөөний хаалган дээр өлгөсөн хүмүүс ч байдаг. Энэ бол таны өөрийн сонголт юм. Хэрэв хүмүүс таны самбарын талаар шоолох вий гэж эмээвэл ганцхан өөрөө л харж болохоор газарт байрлуулаарай. Учир нь бусдын сөрөг үг таны энергийг унтрааж магадгүй юм.
Алхам 5: Самбараа хүссэнээрээ шинэчилж, зурагнуудаа нэмж байгаарай. Таны самбар таныг өдөр бүр шинэ эрч хүч, эерэг бодол, өөдрөг санаагаар цэнэглэж байх ёстой. Та тэр самбарыг харах болгондоо өөрийнхөө хүслүүдийг биелэгдсэн буйгаар төсөөлж, нүдэндээ хардаг байх ёстой. Тиймээс нэг л хэвэнд нь удаан байлгах хэрэггүй. Та самбараа анх хийснээс хойш зарим зурагнууд таньд тийм ч их сэтгэгдэл төрүүлэхээ больсон байж болно. Хэрэв тэгвэл тэр зурагнуудыг авч шинэчлэх, өөр зураг тавих хэрэгтэй. Хүслийн самбар бол ямар нэг өөрчилж, засч болшгүй урлагийн бүтээл биш, харин хөдөлгөөнтэй, динамик бөгөөд байнга шинэчлэгдэх ёстой урам зориг сэргээгч юм гэдгийг санаарай.
Хүслийн самбартай төстэй аргыг хэрэглэж “Татах хүчний хууль”-ийн ачаар өөрийнхөө мөрөөдөлд хүрч чадсан олон хүмүүсийн жишээ бий. Жишээ нь нэрт инээдмийн жүжигчин Жим Кери хүслийнхээ өмнө шантрахын даваан дээр өөрөө өөртөө хуурамч чек үйлджээ. Түүн дээрээ “10,000 доллар”, “сайн тоглосны шан” хэмээн бичиж, өдөр бүр түрийвчиндээ хийж явдаг байж. Ингээд төд удалгүй 1995 онд түүний оргил бүтээл болох МАСК гарсан юм.
Өөрийнхөө хүслийг оюун бодолдоо ийн шингээж, нэвчүүлж, итгүүлж чадах нь “Татах хүчний хууль” хамгийн чухал дүрэм юм. Та ертөнцийг хөдөлгөөнд оруулж, юм бүхнийг таны мөрөөдлийг бодит ажил болгохын төлөө одооноос ажиллаж эхлээсэй гэж хүсч байвал яг одоо хүслийн самбар хийгээрэй. Харсаар байтал л таны хүсэл нэг нэгээрээ биелж эхлэх болно.
Хэрэв бусдад харуулахыг хүсэхгүй бол Тэмдэглэлийн дэвтэр дээр нааж өдөр бүр түүнийгээ харж, биелэсэн мэт мэдэрч болно шүү дээ :)
0 comments:
Post a Comment